Сүүлд нэмэгдсэн
Төрийн албаны мэргэшлийн шалгалт 10.07 болно
2013 оны 09 сарын 18 | Сэтгэгдэл: 0


Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг тус аймагт  цахимаар авах  тул бүртгүүлсэн иргэд   Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанаас өрсөлдөж байгаа ажлын байрандаа хэдэн иргэн бүртгүүлсэн, шалгалтаар  бүртгүүлсэн иргэд ямар үнэлгээ авсан, оноогоороо хэддүгээр байранд жагсаж байгаа зэрэг мэдээллийг  авах боломжтой болсон гэдгийг анхаарна уу.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

·          Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөхөд  төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

·          “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал 

·          Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ

·          Тус  аймгийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны  10  дугаар сарын 03-05-ны  өдрүүдэд  10.00-17.00  цагийн хооронд бүртгэнэ.

·          Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар  комисс  тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2013 оны 10  дугаар  сарын 06-ны  өдрийн 16.00 цагт өгнө.

·          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6 000 /Зургаан мянган/ төгрөг байна.           

 Гурав.  Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

·          Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·          Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;

·          Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·           “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;

·           Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;

·           Шалгалтын үйлчилгээний төлбөр

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

·          2013  оны  10 дугаар  сарын 07-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

 

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

 

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

·          Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

·          Шалгалт  авах газар, хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн  тооноос  хамааруулан  2013 оны 10  дугаар  сарын 06-ны  өдрийн  16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·          Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар тус аймгийн ЗДТГ-ын  7038 3629     дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

Шалгалт өгөх иргэдийн анхааралд:

 

·          1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй.

·          Мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн  иргэн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  тухайн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилалаас дээшхи ангилалын албан тушаалд, тухайлбал, туслах түшмэлийн албан тушаалд шалгалт өгсөн иргэн дэс түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй болохыг анхаарна уу.

·           “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт  зааснаар хэрэв нөөцийн жагсаалтад бүртгэгдэж  нэр дэвшсэн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзсан эсхүл "Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай" Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно.  Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ.

 

БҮРТГҮҮЛЭХ  ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  САНАМЖ

Та энэхүү санамжийг уншсаны дараа шалгалтын зар, төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоо болон ажлын байранд тавигдах шаардлагатай танилцана уу.

1. Энэхүү Туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн иргэн Дэс  түшмэлийн ангиллын албан тушаалд   томилогдох  боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Туслах түшмэлийн ангиллын  албан тушаалд   томилогдох  боломжтой гэдгийг  анхаарна уу. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 3  дахь заалт/

Учир нь, Туслах түшмэлийн ангиллын албан тушаалд зориулсан  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын "Сорилын шалгалт" болон "Ярилцлагын шалгалт" нь Дэс түшмэлийн ангиллын албан тушаалын  сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалттай харьцуулахад хөнгөн байдаг.



 

2.Туслах түшмэлийн ангиллын албан тушаал нь  төрийн жинхэнэ албан тушаалын хамгийн  анхан шатны зэрэглэлийн  албан тушаал байдаг тул Төрийн албаны зөвлөлөөс туслах түшмэлийн ангиллын албан тушаалуудад  ажилласан  жилийн  шаардлага  тавихгүй байхаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл дөнгөж сургууль төгссөн иргэд болон улсад ажилласан туршлага байхгүй иргэд туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

3. ”Мэргэжлийн шаардлага”- их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно.Үүнд:  Эрх зүйч,  Нийгмийн ажилтан  гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

4. Дээрх зүйлүүдийг тодруулж жишээ нь дээр тайлбарлая.

Та зард тавигдсан сумын Засаг даргын Тамгын газрын  "Иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байранд тавигдсан  ”Мэргэжлийн шаардлага”-ыг хангаад бүртгүүлж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн гэж бодье.

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцээд,  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авбал тухайн ажлын байрандаа томилогдох болно. /Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт/

Хэрэв та  өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал Төрийн албаны зөвлөл таны нэрийг  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гаргаж,  онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ. Дараагийн иргэн татгалзвал мөн адил төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдана. /“Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэг/

·          Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч 55 ба түүнээс дээш оноо авсан боловч  өрсөлдсөн /бүртгүүлсэн/ ажлын байрандаа хамгийн өндөр оноо авч чадаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна.

Энэ тохиолдолд та тухайн сумын  болон бусад сумын ЗДТГ-ын  "Мэргэжилтэн"-ий сул орон тоо гарсан тохиолдолд Салбар зөвлөлөөс нэр дэвшигдэн томилогдох боломжтой болно.

·          Дэс түшмэлийн ангиллын албан тушаал буюу яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ /хорооны нийгмийн ажилтан, иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээс бусад/-ын мэргэжилтний ажлын байранд нэр дэвшигдэн томилогдох боломжгүй.

Та дээрх санамж болгосон зүйлүүдийг тооцож үзээд БИ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА гэсэн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болсон нөхцөлд л бүртгүүлэхээр ирнэ үү.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
    Сэтгэгдэл байхгүй.
Таны нэр:
Сэтгэгдэл: